Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 9-р сарын 15-17-ны өдрүүдэд Кембриж Университет Пресс хэвлэлийн газраас “Mongolia Principals Forum”/Кембрижийн хөтөлбөртэй боловсролын байгууллагын удирдах ажилтны зөвөлгөөн/ болон “Professional Development Training” /Багшийн хөгжлийн сургалт/-ыг Орчлон сургууль дээр зохион байгууллаа. Семинарын хүрээнд Кембрижийн Их Сургуулийн сургагч багш болох Сэлли Ландон, Мэнди Грев, Бэн Мэддисон нар ирж Монголд үйл ажиллагаа явуулж буй Кембрижийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт багшийн хөгжлийн эрчимжүүлсэн сургалтыг явууллаа. Сургалтаар англи хэл, математикийн хичээлийг сонирхолтой аргаар заах арга барилыг заалаа. Түүнчлэн “Active learning & Assessment for learning” семинарыг явуулсан юм.
Сургагч багш нарын энэхүү үйл ажиллагаанд “Ворлд оф лэнгвиж” компани хамтран оролцож, багш нарт Кембриж Университет Пресс хэвлэлийн газрын эрхлэн гаргадаг ном, сурах бичгийг тайлбарлаж, таниулах ажлыг хамтран зохион байгууллаа. Кембриж Университет Пресс хэвлэлийн газрын төлөөлөгчид ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудын багш нартай уулзан цаашдын хамтын ажиллагаа болон шинэ ном, сурах бичгийн хангамжийн талаар ярилцсан байна. Түүнчлэн багш, сурагчидтай уулзаж англи хэлний шалгарсан заах арга барил болон туршлагаасаа хуваалцлаа.